Wednesday, March 7, 2007

С хэлний хичээл No 03

Өнөөдөр хэрэглэгдэж буй Си++ хэлний хөрвүүлэгчдийг (илүү зөвөөр, бүтээгдэхүүнүүдийг) гаргасан програмын хурд, хэмжээ, хөрвүүлэлтийн хурд, бэлэн сангуудаар хангагдсан байдал, Си++ хэлний стандартыг хэр зэрэг хангасан, ажиллах платформ, үнэ, хэрэглэгчийн интерфейс, зүгшрүүлэгч, профайлер болон бусад нэмэлт програмуудын чанар гэх мэт олон шалгуураар хэмжиж болно. Энэ хичээл нь өргөн хэрэглэгддэг зарим хөрвүүлэгчдийн онцлогоос товч танилцуулах ба цаашид ямар хөрвүүлэгчид хэрэглэхээ тохирох зорилготой. Үнэгүй тараагддаг боловч маш сайн чанарын олон хөрвүүлэгчид байдаг нь бидэнд их олзуурхууштай хэрэг юм.

Хөрвүүлэгчдийг тус тусад нь авч үзэхээс өмнө энэ хичээлийн турш таныг ямар хөрвүүлэгч ашиглавал зохистой вэ гэдэг талаар санал хэлье. Хэрэв та Линуксын хэрэглэгч бол GNU C++, Виндоусын хэрэглэгч бол Bloodshed Dev-C++ эсвэл Microsoft Visual C++ Toolkit 2003, Digital Mars C++, Borland C++ 5.5 коммандын мөрний хөрвүүлэгчдийн аль нэгийг (бүгд үнэгүй бөгөөд дискэн дээр 30-60М зай эзэлдэг) хэрэглэхийг зөвлөж байна. Нөгөө талаас Cygwin нь Виндоус систем дээр Линукстэй төстэй орчинг бүрдүүлдэг тул Линукс руу аажмаар шилжих гүүр болж чадна. Танд Borland C++ Builder эсвэл Microsoft Visual C++ бүтээгдэхүүн байгаа бол их сайн. Гэвч шинэ програм суулгаж түүнийгээ тогтвортой ашиглах боломжтой хэрэглэгчдийн хувьд Bloodshed Dev-C++ нь Си++ хэлийг эхлэн суралцахад илүү тохиромжтой гэж бодож байна.

Виндоус системийн хувьсагчдыг тохируулах. Бидний авч үзэх хөрвүүлэгчдийн ихэнх нь Виндоус системийн коммандын мөрөнд (Command Prompt) ажилладаг хөрвүүлэгчид бөгөөд тэдгээрийг хэрэглэж эхлэхийн өмнө системийн зарим хувьсагчдын утгыг өөрчлөх шаардлагатай. Бид энд жишээ болгож системийн PATH хувьсагчид c:\cpp\djgpp\bin утгыг нэмэх, DJGPP нэртэй шинэ хувьсагч үүсгэж c:\cpp\djgpp\djgpp.env утгыг олгох үйлдлийг яаж гүйцэтгэж болохыг тайлбарлая.

DOS, Windows 3.X ба Windows 95 системүүдийн хувьд:

- Системийн дискний үндсэн каталог (ихэвчлэн C:) дахь AUTOEXEC.BAT файлыг (EDIT, NotePad гэх мэт) текст редакторын тусламжтай нээж дараах мөрүүдийг нэм.

set DJGPP=c:\cpp\djgpp\djgpp.env
set PATH=c:\cpp\djgpp\bin;%PATH%

Windows 98 системийн хувьд:

- START цэснээс Programs->Accessories->System Tools->System Information коммандыг сонго;
- Tools цэсний "System Configuration" коммандыг сонго;
- AUTOEXEC.BAT файлд дараах мөрүүдийг нэм.

set DJGPP=c:\cpp\djgpp\djgpp.env
set PATH=c:\cpp\djgpp\bin;%PATH%


Windows ME системийн хувьд:

- START цэснээс Run коммандыг сонгож, msconfig.exe гэж бичээд OK товчийг дар;
- "Environment" хавтанг сонго;
- PATH системийн хувьсагчийг “Edit” хийж c:\cpp\djgpp\bin утгыг нэм;
(нэмэх гэдгийг өмнө нь байсан утгын ард (эсвэл өмнө) цэгтэй таслалаар тусгаарлан өгөгдсөн утгыг бичиж өгөх гэж ойлгоно)
- DJGPP шинэ хувьсагч үүсгэж c:\cpp\djgpp\djgpp.env утгыг олго.

Windows NT системийн хувьд:

- "My Computer" дүрсэн дээр хулганын баруун товчийг дарж, "Properties" коммандыг сонго;
- "Environment" хавтанг сонго;
- PATH системийн хувьсагчийг “Edit” хийж c:\cpp\djgpp\bin утгыг нэм;
(нэмэх гэдгийг өмнө нь байсан утгын ард (эсвэл өмнө) цэгтэй таслалаар тусгаарлан өгөгдсөн утгыг бичиж өгөх гэж ойлгоно;
хэрэв та системийн администратор биш бол хэрэглэгчийн хувьсагчдийг ашиглаж болно,
эсвэл PATH нэртэй шинэ хувьсагч үүсгэж утга олговол уг утга өмнөх утган дээр нэмэгдэнэ);
- DJGPP шинэ хувьсагч үүсгэж c:\cpp\djgpp\djgpp.env утгыг олго.

Windows 2000 ба Windows XP системүүдийн хувьд:

- "My Computer" дүрсэн дээр хулганын баруун товчийг дарж, "Properties" коммандыг сонго;
- "Advanced" хавтанг сонгож, "Environment Variables" товчийг дар;
- PATH системийн хувьсагчийг “Edit” хийж c:\cpp\djgpp\bin утгыг нэм;
(нэмэх гэдгийг өмнө нь байсан утгын ард (эсвэл өмнө) цэгтэй таслалаар тусгаарлан өгөгдсөн утгыг бичиж өгөх гэж ойлгоно;
хэрэв та системийн администратор биш бол хэрэглэгчийн хувьсагчдийг ашиглаж болно,
эсвэл PATH нэртэй шинэ хувьсагч үүсгэж утга олговол уг утга өмнөх утган дээр нэмэгдэнэ);
- DJGPP шинэ хувьсагч үүсгэж c:\cpp\djgpp\djgpp.env утгыг олго.

Програмын эх текстийг бэлтгэх. Зарим хөрвүүлэгчийг эх текст бэлдэх редактор, хөрвүүлэх болон зүгшрүүлэх үйлдлийг цэсний коммандуудаар шууд гүйцэтгэж үр дүнг нь тохиромжтой байдлаар хүлээн авах боломжтой Програм Боловсруулах Интегралчлагдсан Орчин (ПБИО, IDE – Intrgrated Development Environment) дагалдаж ирдэг. Харин коммандын мөрний хөрвүүлэгч хэрэглэж буй үед, эсвэл хөрвүүлэгчийн өөрийнх нь редактор танд таалагдахгүй бол програмын эх текстийг ямар нэг гадны (XEmacs, Nedit, Notepad, WordPad, Word гэх мэт) текст редактор ашиглан бэлтгэх болно. Notepad дээр эх текст бэлдэж буй үед файлыг хадгалахдаа (.txt биш) тусгай өргөтгөлтэй хадгалахаа мартаж болохгүй. Үүний тулд Notepad-ын Save цонхны “File Name” талбарт файлын нэрийг кавычкатай (“test.cpp” гэх мэт) оруулах, эсвэл “Save as type” талбарт “All Files” сонголтыг сонгож файлын нэрийг кавычкагүй оруулах аргыг хэрэглэнэ. WordPad, Word гэх мэт форматтай редакторуудын хувьд эх файлыг хадгалахдаа “Text Only” (“Plain text”, “Text Document”) форматаар хадгалах хэрэгтэй. Мөн интернет дээр програмын эх текст бэлдэхэд зориулсан олон сайн авсаархан програм үнэгүй тараагддагийн нэг нь Ф.Балмерийн зохиосон Виндоус орчны Notepad2 редактор бөгөөд үүнийг дараах хаягаар орж татаж авч болно.

http://www.flos-freeware.ch

Коммандын мөрний зарим коммандууд. Коммандын мөрний хөрвүүлэгчийг хэрэглэхийн тулд та юуны түрүүнд коммандын мөрний интерфейсийг ажиллуулж сурах хэрэгтэй. Виндоус орчинд бол START цэсний RUN коммандыг сонгож, command гэж бичээд OK товчийг дарж коммандын мөрний цонхыг нээх ба exit коммандаар түүнийг хаана. Харин Линукс орчинд ихэвчлэн “New Terminal” коммандыг ашиглаж шинэ терминал цонх нээдэг. Бид коммандын мөрөнд програмыг яаж хөрвүүлэх вэ гэдгээс гадна файл, каталогтой ажилладаг зарим коммандыг мэдэж байх нь чухал. Хамгийн түрүүнд cd (change directory) коммандыг дурдаж болно. Коммандын мөрний (эсвэл терминал) цонх болгоныг идэвхтэй каталог гэж нэрлэгдэх нэг каталог “дотор” ажиллаж байна гэж төсөөлж болох ба cd комманд нь энэ идэвхтэй каталогийг солих үүрэгтэй. Жишээ нь, Виндоус орчинд

cd \cpp\projects

коммандаар \cpp\projects каталог идэвхтэй каталог болж хувирна. Линукс орчны

cd /cpp/projects

комманд дээрхтэй ижил үйлчлэлийг үзүүлнэ. Идэвхтэй каталогийн нэр Виндоус орчны коммандын мөрөнд бэлэн харагдаж байдаг бол Линукс орчинд pwd (print working directory) коммандыг дуудах хэрэгтэй. Идэвхтэй каталог дахь файлуудын жагсаалтыг Виндоус орчинд dir (directory), Линукс орчинд ls (list) коммандуудаар хардаг. Виндоус ба Линукс орчинд харгалзан файл хуулах copy ба cp, файл зөөх move ба mv, шинэ каталог үүсгэх md ба mkdir, файл устгах del ба rm коммандууд байдаг боловч эхлэн суралцагсдын хувьд эдгээр үйлдлүүдийг график интерфейс ашиглан гүйцэтгэх боломж бий гэдгийг санахад илүүдэхгүй. Нөгөө талаас тодорхой төрлийн хэрэглээнүүдэд коммандын мөртэй ажиллах нь график интерфейсээс дутахааргүй хурдан бөгөөд зарим үед илүү тохиромжтой байдаг.

GNU C++ (ГНУ Си++). Зөвөөр суулгагдсан Линукс систем бүхэнд энэ хөрвүүлэгч агуулагдах ёстой. Тэгэхээр та Линукс системийн хэрэглэгч бол Си++ хэлний хөрвүүлэгчтэй болохын тулд юу ч хийх шаардлагагүй гэсэн үг. Энэ хөрвүүлэгч нь Си++ хэлний стандартыг хамгийн сайн хангасан бөгөөд хамгийн хурдан ажилладаг програм боловсруулдаг хөрвүүлэгчдийн тоонд орно. g++ хэмээх програм Си++ хэлний хөрвүүлэгч ба холбогчийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг бөгөөд бид ийм програмыг цаашид илүү өргөтгөсөн утгаар мөн “хөрвүүлэгч” гэж ярьж байх болно. Тухайлбал, hello.cpp нэртэй эх текст файлыг хөрвүүлж hello нэртэй биелэх файл болгохын тулд

g++ -o hello hello.cpp

коммандыг ашиглана. Хэрэв гаралтын биелэх файлын нэрийг -o гэж зааж өгөөгүй бол a.out нэртэй биелэх файл гаргадаг. Энэ хөрвүүлэгчтэй хамтаар ГНУ зүгшрүүлэгч gdb болон gprof профайлерийг ихэвчлэн ашигладаг. Бусад нэмэлт програмуудыг дараах холбоосоор орж татаж авч болно.

http://gcc.gnu.org/

Cygwin C++. Энэ багц програм нь ГНУ хөрвүүлэгчид, зүгшрүүлэгчид болон хэд хэдэн текст редактор програмуудыг агуулдаг бөгөөд Виндоус систем дээр Линукстэй төстэй орчинг бүрдүүлдэг. Ингэснээр Линукс орчинд зориулсан олон програмыг Виндоус дээр хөрвүүлж ашиглах боломжтой. Дискэн дээр дор хаяж 400М зай эзэлдэг. Cygwin системийг суулгахын тулд эхлээд setup.exe инсталл програмыг дараах холбоосоор орж татаж авна.

http://www.cygwin.com/

Энэ инсталл програм нь Cygwin системийг интернетээс шууд татаж суулгах үүрэгтэй. Бүрэн хувилбарыг татахад маш их хугацаа зарцуулж мэдэх бөгөөд эхлэн суралцагчид devel хэсгийн binutils, gcc, gdb, ба make програмууд, Doc хэсгийн man болон newlib-man лавлах системүүд, Editors хэсгээс vim, эсвэл xemacs редакторыг сонгон авч суулгахад хангалттай. Cygwin системийг, жишээ нь, c:\cpp\cygwin каталогт суулгасан бол одоо PATH системийн хувьсагчид c:\cpp\cygwin\bin утгыг нэмж өгөх хэрэгтэй. Линуксийн ГНУ системтэй адилаар Си++ хэлний хөрвүүлэгч нь g++ програм.

DJGPP C++. ДОС-ын хамгаалагдсан горимд (DOS Protected Mode) ажиллах програм боловсруулахад зориулж ДиЖей Делорийн ГНУ хөрвүүлэгч дээр суурилан зохиосон цогц програм. Дискэн дээр хамгийн багадаа 200М орчим зай эзэлдэг. Үүнийг суулгахын тулд эхлээд дараах холбоосоор орж зохих файлуудыг татаж авах хэрэгтэй.

http://www.delorie.com/djgpp/zip-picker.html

Файлуудыг татаж авсны дараа, жишээ нь, c:\cpp\djgpp нэртэй каталог (хавтас) үүсгэж үүн дотроо эдгээр файлуудаа задлана. Ингээд PATH системийн хувьсагчид c:\cpp\djgpp\bin утгыг нэмж, DJGPP нэртэй шинэ системийн хувьсагч үүсгэж c:\cpp\djgpp\djgpp.env утгыг олгоно. Си++ эх файл хөрвүүлэхэд gpp эсвэл gxx програмыг ашиглана.

MinGW C++. ГНУ Си/Си++ хөрвүүлэгчид дээр суурилсан Виндоусын биелэх файл үүсгэдэг өөр нэг систем. Cygwin системийг бодвол Виндоус орчны програмыг илүү хурдан болгодог. Дараах хаягаар орж татаж авч болно.

http://www.mingw.org/

Bloodshed Dev-C++ (IDE). MinGW хөрвүүлэгч, зүгшрүүлэгч болон профайлерыг ашигладаг Виндоус орчны ПБИО. Си++ хэлийг эхлэн суралцагсдад маш тохиромжтой. Дискэн дээр нийтдээ 50М орчим зай эзэлдэг. Дараах хаягаар орж татаж авна уу.

http://www.bloodshed.net/devcpp.html

Коммандын мөрний хөрвүүлэгчдээс давуутай тал нь програмын эх текст бэлтгэх, програмыг хөрвүүлэх, ажиллуулах болон зүгшрүүлэх үйлдлүүдийг нэг интегралчлагдсан орчинд гүйцэтгэх боломжтой. Нэг програмын эх код хэд хэдэн текст файлаас бүрдэж болдог гэдгийг дээр дурдсан. Эдгээр текст файлууд болон програмд шаардлагатай бусад (жишээ нь, зураг болон өгөгдлийн) файлуудын нэгдлийг төсөл (эсвэл проект) гэж нэрлэдэг. Dev-C++ дээр .dev өргөтгөлтэй файл бүр нэг төслийг төлөөлөх ба уг файлд тухайн төслийн бүрэлдэхүүн, төслийг хөрвүүлэх үед хэрэглэгдэх тохируулгууд гэх мэт мэдээллийг агуулна. Dev-C++ орчинд шинэ төсөл нээхийн тулд

- File->New->Project коммандыг сонгоно;
- Гарч ирэх диалог цонхонд Empty Project ба C++ Project сонголтуудын хийнэ;
- Name талбарт төслийн нэрийг оруулна;
- Дараагийн диалог цонхонд төслийн .dev файлыг хадгалах каталогоо сонгоно;

Одоогоор таны төсөлд нэг ч файл байхгүй байгаа. Төсөлд шинэ файл нэмэхийн тулд

- File->New->Source File (эсвэл Ctrl+N) коммандыг сонгоно;
- Асуусан асуултанд Yes гэж хариулна;
- File->Save (эсвэл Ctrl+S) коммандыг сонгоно;
- Гарч ирэх диалог цонхонд файлын нэр, өргөтгөл (.cpp) болон хадгалах каталогийг оруулна;

Ингээд та (хоосон хэдий ч) нэг эх файл бүхий төсөлтэй боллоо. Эх файлыг хөрвүүлэхэд Execute->Compile (Shift+Ctrl+F9), төслийг бүхэлд нь хөрвүүлэхэд Execute->Compile (Ctrl+F9), хөрвүүлсэн програмыг ажиллуулахад Execute->Run (Ctrl+F10), энэ хоёр үйлдлийг дараалуулж гүйцэтгэхэд F9 (Compile & Run) коммандуудыг ашиглана.

Digital Mars C++. Алдарт Symantec C++ хөрвүүлэгч одоо ийм нэрээр үнэгүй тараагдаж байна. ГНУ Си++ хөрвүүлэгчийн дараагаар Си++ хэлний стандартыг хамгийн сайн хангадаг бөгөөд хамгийн хурдан ажилладаг програм боловсруулдаг хөрвүүлэгчдийн тоонд орно. Гаргаж буй биелэх файлын хэмжээ бусад хөрвүүлэгчдийг бодвол их авсаархан болдог. Хөрвүүлэгч өөрөө дагалдах програмуудынхаа хамт дискэн дээр 40М орчим зай эзэлдэг. Энэ хөрвүүлэгчийг суулгахын тулд эхлээд дараах хаягаар орж хөрвүүлэгчийн үндсэн файлуудыг STLPort багцтай хамт татаж авах хэрэгтэй.

http://www.digitalmars.com/

Файлуудыг татаж авсны дараа, жишээ нь, c:\cpp нэртэй каталог (хавтас) дотор эдгээр файлуудаа задлана (энэ нь dm нэртэй каталогийг автоматаар үүсгэнэ). Ингээд PATH системийн хувьсагчид c:\cpp\dm\bin утгыг нэмж, c:\cpp\dm\bin каталогийн sc.ini файлд дараах өөрчлөлтийг хийнэ.

PATH="c:\prog\dm\bin;"%PATH%
BIN="c:\prog\dm\bin"
INCLUDE="c:\prog\dm\stlport\stlport";"c:\prog\dm\include";%INCLUDE%
LIB="c:\prog\dm\lib";%LIB%

Си++ хөрвүүлэгчийнх нь нэр dmc.exe бөгөөд, жишээ нь, hello.cpp эх файлыг хөрвүүлэхийн тулд коммандын мөрөнд

dmc hello

коммандыг өгөхөд хангалттай.

OpenWatcom C++. Хуучны Watcom C++ хөрвүүлэгч одоо ийм нэрээр үнэгүй тараагдаж байгаа. Харьцангуй хурдан ажилладаг, хэмжээгээр авсаархан програм гаргадаг боловч Си++ хэлний стандартад нийцтэй байдлаараа нилээд доогуур байранд ордог. Мөн хуучирсан дизайнтай хэдий ч өөрийн ПБИО нь дагалдаж ирдэг. Дискэн дээр бүхэлдээ 130М орчим зай эзэлдэг. Веб хаяг нь

http://www.openwatcom.org/

бөгөөд хөрвүүлэгчийг c:\cpp\watcom каталогт суулгасан гэж үзвэл системийн хувьсагчдыг дараах байдлаар өөрчлөх хэрэгтэй.

WATCOM = c:\cpp\watcom
PATH = %WATCOM%\binnt;%WATCOM%\binw; (утгыг нэмэх)
EDPATH = %WATCOM%\eddat
INCLUDE = %WATCOM%\h;%WATCOM%\h\nt


Си++ хөрвүүлэгчийнх нь нэр wcc.exe болно.

Borland C++ 5.5 коммандын мөрний хөрвүүлэгч. Борланд фирмийн Си++ хөрвүүлэгч нь хамгийн өргөн тархсан хөрвүүлэгчдийн нэг бөгөөд Си++ хэлний стандартад нийцтэй байдлаараа ГНУ ба Digital Mars хөрвүүлэгчдийн дараагаар 3-р байрыг эзэлнэ. Хамгийн хурдан ажилладаг програм боловсруулдаг хөрвүүлэгчдийн тоонд ордог. Гаргаж буй биелэх файлын хэмжээ харьцангуйгаар авсаархан болдог. Борланд фирм Си++ хөрвүүлэгчийнхээ коммандын мөрний хувилбарыг үнэгүй тарааж байгаа бөгөөд энэ багц зүгшрүүлэгчтэйгээ хамтаар дискэн дээр 50М орчим зай эзэлдэг. Дараах хаягаар орж FreeCommandLineTools.exe нэртэй инсталл файлыг татаж авч болно. (Борландын зүгшрүүлэгчийн инсталл TurboDebugger.exe мөн тэнд бий.)

http://www.borland.com/products/downloads/download_cbuilder.html

Ингээд уг файлыг ажиллуулж хөрвүүлэгчийг, жишээ нь, c:\cpp\bcc каталогт суулгана. Үүний дараагаар PATH системийн хувьсагчид c:\cpp\bcc\bin утгыг нэмнэ. Одоо bcc32.cfg нэртэй тохируулгын файлыг c:\cpp\bcc\bin каталогт үүсгэж дараах мөрүүдийг бичиж хадгалах хэрэгтэй.

-I”c:\cpp\bcc\include”
-L”c:\cpp\bcc\lib”

Үүнтэй төстэйгөөр ilink32.cfg нэртэй нэртэй тохируулгын файлыг мөн каталогт үүсгэж дараах мөрүүдийг бичиж хадгална.

-L”c:\cpp\bcc\lib”

Си++ хөрвүүлэгчийнх нь нэр bcc32.exe бөгөөд, жишээ нь, коммандын мөрөнд

bcc32 hello.cpp

коммандыг өгснөөр hello.cpp эх файлыг хөрвүүлж hello.exe биелэх файл гаргаж авна.

Borland C++ Builder (IDE). Том хэмжээний програм хангамжийг маш хурдан хугацаанд боловсруулах боломжтой Си++ програмчлалын хүчирхэг орчин. Виндоус, өгөгдлийн бааз, сүлжээ болон Интернеттэй ажиллах өргөн боломжоор хангагдсан. C++ Builder орчинд шинэ төсөл нээхийн тулд

- File->Close All коммандаар нээлттэй байгаа бүх файлуудыг хаана;
- Project->Add New Project коммандыг сонгоно;
- “Console Wizard” сонголтыг хийж OK товчийг дарна;
- Гарч ирэх диалог цонхонд “Source Type” талбарыг C++ гэж сонгоно;
- Баруун гар тал дахь талбарт зөвхөн “Console Application” гэдгийг сонгож OK товчийг дарна;
- File->Save Project As коммандыг сонгоно;
- Эх (.cpp) файлын нэр ба хадгалах каталогийг оруулж Save товчийг дарна;
- Төслийн (.bpr) файлын нэр ба ба хадгалах каталогийг оруулж Save товчийг дарна;

Ингээд та нэг эх файл (C++ Builder-ын нэр томъёогоор бол Unit) бүхий төсөлтэй боллоо. Үүнд онцын шаардлагагүй боловч зарим код автоматаар үүссэнийг бас харж болно. Эх файлыг хөрвүүлэхэд Project->Compile Unit (Alt+F9), төслийг бүхэлд нь хөрвүүлэхэд Project->Make (Ctrl+F9), хөрвүүлсэн програмыг ажиллуулахад Run->Run (F9) коммандуудыг ашиглана.

Microsoft Visual C++ Toolkit 2003 коммандын мөрний хөрвүүлэгч. Микрософтын хөрвүүлэгчид бол хамгийн хурдан бөгөөд жижигхэн програм гаргадаг, хамгийн өргөн тархсан хөрвүүлэгчдийн тоонд орно. Сүүлийн үеийн (ялангуяа 6.0 хувилбараас хойших) хувилбарууд нь Си++ хэлний стандартад маш нийцтэй болж байгаа. Микрософт фирм Visual Studio .NET Professional 2003 бүтээгдэхүүний бүрэлдэхүүнд ордог оптималчлагч Си++ хөрвүүлэгчийнхээ (дискэн дээр 30М орчим зай эзэлдэг) коммандын мөрний хувилбарыг үнэгүй тарааж байна.

http://msdn.microsoft.com/visualc/vctoolkit2003/

Уг хөрвүүлэгчийг суулгаснаар START цэсэнд “Visual C++ Toolkit 2003 Command Prompt” нэртэй нүд бий болох ба хөрвүүлэгчийг ашиглахын тулд энэ нүдийг товшиж коммандын мөрний зохих цонхыг нээх хэрэгтэй. Си++ хөрвүүлэгчийнх нь нэр cl.exe бөгөөд, жишээ нь, коммандын мөрөнд

cl /GX hello.cpp

коммандыг өгснөөр hello.cpp эх файлыг хөрвүүлж hello.exe биелэх файл гаргаж авна. Энэ хөрвүүлэгчийг ашиглаж Windows орчны програм боловсруулахын тулд Microsoft Platform SDK багцыг дараах хуудаснаас үнэгүй татаж авч болно.

http://www.microsoft.com/msdownload/platformsdk/sdkupdate/

Microsoft Visual C++ (IDE). Виндоус эсвэл Интернетэд зориулан маш хурдан ажилладаг програм хангамж боловсруулахад хамгийн тохиромжтой. Веб браузеруудаас эхлээд цэргийн болон эмнэлгийн зориулалтын критик тооцоо хийдэг програм хүртэл дэлхийн төвшний ихэнх програм хангамж энэ системийг ашиглан бүтээгдсэн.

Visual C++ орчинд хэд хэдэн төслүүдийг нэгтгэн ажлын талбар (workspace) эсвэл шийд (solution) гэж нэрлэдэг. Энэ нь олон төсөлтэй ажиллах үед маш тохиромжтой. Жишээлбэл, төслүүдийг зорилгоор нь ангилж өөр өөр ажлын талбарт байрлуулж болно. Visual C++ орчинд шинэ ажлын талбар нээхийн тулд

- File->New коммандыг сонго;
- “Workspaces” хавтанг сонго;
- Ажлын талбарын нэр ба каталогийг оруулж OK товчийг дарна;

Одоогоор энэ ажлын талбарт нэг ч төсөл байхгүй байгаа. Шинэ төсөл үүсгэхийн тулд

- File->New коммандыг сонго;
- “Projects” хавтанг идэвхжүүл;
- “Win32 Console Application” гэдгийг сонго;
- “Project name” талбарт төслийн нэрийг, “Location” талбарт каталогийг оруулна;
- “Add to current workspace” товчийг идэвхжүүл; “Dependency of” сонголт идэвхгүй байх ёстойг анхаар;
- OK товчийг дарна;
- Дараагийн цонхонд “An empty project” сонголттойгоор OK товчийг дарна;

Шинэ эх файл үүсгэхийн тулд

- Projects->Set Active Project коммандаар хүссэн төслөө идэвхжүүлнэ;
- File->New коммандыг сонго;
- “Files” хавтанг идэвхжүүл;
- “C++ Source File” гэдгийг сонго;
- “File name” талбарт файлын нэрийг (өргөтгөлгүйгээр) оруулна;
- “Add to project” товчийг идэвхжүүлж төслийн нэр зөв эсэхийг шалга;
- OK товчийг дарна;

Ингээд та (хоосон хэдий ч) нэг эх файл бүхий төсөлтэй боллоо. Эх файлыг хөрвүүлэхэд Build->Compile (Ctrl+F7), төслийг бүхэлд нь хөрвүүлэхэд Build->Build (F7), хөрвүүлсэн програмыг ажиллуулахад Build->Execute (Ctrl+F5) коммандуудыг ашиглана.

Бусад. MinGW хөрвүүлэгч, зүгшрүүлэгч болон профайлерыг ашигладаг Виндоус орчны Quincy хэмээх ПБИО байдаг. Энэ систем нь хэрэглэгчийн график интерфейстэй ажилладаг FLTK объектуудын сан, Борландын хуучин BGI график програмчлалын интерфейсийг Виндоуст зориулж өргөтгөсөн WinBGIm сан, хоёр хэмжээст график зурахад ашиглаж болох koolplot сангуудыг агуулдаг. Энэ багц дискэн дээр 80М орчим зай эзэлдэг. Веб хаяг нь:

http://www.codecutter.net/tools/quincy/

Интел (Intel) фирмийн сайн хөрвүүлэгчид байдгийн Линукст зориулсан хувилбар үнэгүй тараагдаж байна:

http://www.intel.com/software/products/compilers/clin/noncom.htm

Дараах хаягаар орж Макинтош системд зориулсан хөрвүүлэгчдийн талаар мэдээлэл авч, зарим хөрвүүлэгчдийг татаж авах боломжтой.

http://developer.apple.com/tools/mpw-tools/

Мөн эдгээрээс гадна IBM VisualAge, Metrowerks CodeWarrior гэх мэт олон хөрвүүлэгчид байдаг бөгөөд нилээд олон үнэгүй хөрвүүлэгчдийн жагсаалтыг агуулсан дараах хуудсыг сонирхож болно.

http://www.thefreecountry.com/compilers/cpp.shtml

Эцэст нь програм боловсруулах талын маш их мэдээлэл агуулсан дараах хоёр хуудсыг таны анхааралд хүргэж байна.

http://www.thefreecountry.com/
http://www.freeprogrammingresources.com/


Tankhimiin Ts.Gantomor-iin niitlelelees

No comments: