Wednesday, March 7, 2007

"666" гэсэн энэ тоо ямар учиртай тоо вэ?

Рокууд, сатанистууд, ид шидийг шүтэгчид тэр ч бүү хэл поп хамтлаг хүртэл "666" гэсэн тоогоор чамирхана, бас сүрдүүлнэ. Библийн хамгийн сүүлчийн ном болох Илчлэлт номонд дэлхийн сүйрэл, түүнээс өмнө болон тэр үед юу болох тухай билэгдлийн олон дүрс, үг, тоогоор илэрхийлсэн байдаг. Ийм төрөл жанраар бичсэн бичлэгийн хэлбэрийг "Апокалиптик" гэдэг. Эрт цагт Иудейчууд Апокалиптик бичлэгийн жанраар дэлхийн эцсийн тухай тэнгэрийн нууцуудыг бичдэг байв. Энэ жанрын онцлог нь үзсэн үзэгдэл, зүүд, тэнгэр элчийн учрал, билэгдлийн амьтад, тоо, дүрсээр нууцыг илэрхийлдэгт байгаа юм. Ийнхүү бичих нь сүнслэг нууцыг цөвүүн цагт итгэгчдэд дамжуулан хэлж өгөх, тэднийг итгэлээр нь баттай зогсоход нь зоригжуулах үүрэгтэй байжээ.
Тэгвэл энэхүү билэгдлийн "666" гэгч энэ тоо ямар учиртайг Библийн эх сурвалжаас болон түүхэн тайлбаруудаас харцгаая. Библид:
Илчлэлт 13:18
Энд мэргэн ухаан байна. Ухаантай нэгэн нь араатны тоог бодогтун. Учир нь энэ нь хүний тоо бөгөөд түүний тоо бол зургаан зуун жаран зургаа юм.
Эндээс харвал хэн нэгнийг 666 гэсэн тоогоор илэрхийлжээ. Энэ нь тийм ч шинэ зүйл биш юм. Аливаа хүнийг одоо ч тоогоор илэрхийлдэг. Хүн бүр өөрийн гэсэн тоон дугаартай байдаг шүү дээ. Тухайлбал, регистрийн дугаар, пастортын дугаар гэх мэт. Тэр дугаараар тухайн хүнийг хэн болохыг мэдээллийн баазаас олж тогтооно. Үүний адил Манай Эзэний 1-р зууны сүүлчээр бичигдсэн элч Иоханы "Илчлэлт" хэмээх номд өгүүлсэн "666" хэмээх тооны талаар олон зууны туршид янз бүрээр тайлбарлаж иржээ. Үүнээс хамтдаа суралцъя:
Тоо болон үсгээр, аль алинаар нь нэг юмыг илэрхийлж болдог. Тухайлбал, өнөөгийн Иудейн рабби (Иудейн шашны багш нар) нарын судрууд араб тоогоор бус Еврей үсгээр бүлэг болон ишлэлээ дугаарласан байдаг. Еврейчүүдийн хувьд үсэг нь тоо, тоо нь үсэг болдог гэсэн үг. Үүнээс үүдэн зарим рабби гематрийн ухааныг ашиглан судрыг тоогоор кодлох дуртай болж. Тэр ч бүү хэл Матай нэгдүгээр бүлэгт буй удам судрын бичигт арван дөрвөн үеийг гурвантаа бичсэнийг Давидын нэр хэмээнэ. Еврей бичиг нь эгшиггүй, дан гийгүүлэгчээр бичдэг тул Давид гэдгийг ДВД гэж бичнэ. Мэдээж уншихдаа "Давид" гэнэ л дээ. Ямар эгшиг хаана нь яаж дуугарахыг тэмдэглэсэн "эгшгийн тэмдэглэгээ" ч бас бий. Тэгээд ДВД гэсэн нэр нь Еврей цагаан толгойн дарааллаар бол 4 + 6 + 4 буюу 14 болдог байна. Үүнчлэн эрт цагт Грекүүд Есүсийн нэрийн үсгийг тоо болгон хувиргаад "888" гэсэн тоог ч гаргасан байдаг. Гэвч араб тоо хэрэглэсэн цагаас хойш нэрийг ийнхүү кодлох хэвшил алга болжээ.
Тэгэхээр "666" гэсэн тоо ямар учиртай байж болох вэ? Энэ тооны цаана ер бусын нэр нуугдаж байна уу? Зарим хүмүүс үүнийг Ромын Цезарь Неро гэж тооцдог. Учир нь Неро Христэд итгэгчдийг ихэд хавчин гадуурхан алсан бөгөөд дараа нь тэр өөрийн амийг егүүтгэснээс Илчлэлт номын энэхүү тоогоор түүнийг хэлсэн гэж тайлбарлах нэг хэсэг байдаг аж. Мөн зарим нь Ромын өөр нэгэн Цезарь болох Домитианыг "666"-д яг таардаг гэж хэлнэ. Домитиан бол өөрийгөө "бурхан" гэж өргөмжилж, бүх шүтээнүүдийн толгойг цавчин өөрийн толгойг тавьсан бурхан бол жүжиглэсэн хүн байв. Тэр ч гэсэн Христийн эсрэг олон бузар үйл хийсэн нүгэлтэн. Гэвч энэхүү тооны онолоор бол Илчлэлт номыг бичигч Иохан уншигчдаараа тоо бодуулах гэсэн нь юу л бол. Тэгээд ч, Домитианы нэр яагаад ч "666" болж чаддаггүй нь энэхүү тайлбарыг сулруулдаг. Тэр ч бүү хэл үүнээс ч илүү геометрийн бодлого шиг тайлбар хүртэл бий1.
Гэвч үүнээс арай дээр тайлбар бол "666" бол зургаа гэсэн тоог гурвантаа давтан хэлсэн "6" гэсэн тооны бичлэг гэх тайлбар юм. Билэгдлийн тоонуудын тайлбараас харвал "7" хэмээх тоо нь "төгс" тоо буюу үүнийг Бурханы тоо гэж хэлдэг байна. Харин 6 гэсэн тоог хүний тоо гэж үздэг байна. Өөрөөр хэлбэл, "6" гэдэг нь долоод дөхөх авч дутаж буй төгс бус тоо. Библид "666" гэдгээр анти-Христ хүнийг илэрхийлдэг болохоор дээрх тайлбарт Неро, Домитиан орсон хэрэг л дээ. Харин Анти-Христ бүхий л талаараа төгс "бурхан" болох гэж хичээнэ гэдэг нь яахын аргагүй үнэн. Христийг дууриах, түүнтэй адил гайхамшигуудыг хийх, хүмүүст нөлөөлөх гэж оролдох авч анти-Христийн чадал дутна. Тэрээр яасан ч төгс болж чадахгүй гэдгийг Библи өөрөө гэрчилдэг.
Харин анти-Христ засаглах үедээ "666" хэмээн энэхүү тоог дэлхийд байгч хүмүүсийн дух болон гарт тэмдэг болгон тавина гэснийг анхаарах хэрэгтэй. Дух болон гарт яг бодит тамга дарна гэхээсээ илүү хүмүүсийн хүсэл, бодол тэдний үйл хөдлөлд мөрөө үлдээнэ гэсэн тайлбар илүү дөхөх болов уу. Библид, анти-Христ аль хэдийнээ идэвхтэй ажиллаж байгаа (1 Иохан 2:18) гэж хэлсэн байдаг. Тэгэхээр, Христэд итгэгч бид амьдарч байгаа цаг үедээ мэдрэмжтэй хандаж, бодол санаагаа улам бүр цэгцлэн явах ёстой бус уу. Бодол сэтгэлээ Бурханы үгээр шинэчлэн сэргээх нь зүй бус уу. Бурханы мэргэн ухаан тантай байх болтугай2.
Зүүвэр:
[1]1Kaiser, W. C. 1997, c1996. Hard sayings of the Bible . InterVarsity: Downers Grove, Il
2Pat Robertson, Answers to 200 of Life's Most Probing Questions, Thomas Nelson, 1984.


Та дээрх өгүүлэмжийг уншсан биздээ. Тэгэхээр 7 болон 6 аль нь тогс тоо болж байна вэ? 7 төгс тоо болж чадах уу !

No comments: